2007-Sep-7 - Санаачилга ба амжилт
Оршил. Санаачилга гэдэг нь өөрийн амьдрал ба орчин тойрон, нийгэмээ хөгжүүлэн дээшлүүлэх хүний хүсэл мөрөөдлөөс үүсэлтэй. Монголчууд бид асар баялаг оюуны өв хөрөнгөтэй ард түмэн билээ. Айлаас эрэхээр авдраа ух гэдэг шүү дээ. Хол газраас эрж хайх биш өдөр тутмын амьдралаа нарийн ухаанаар харж судлавал их зүйл гарах болов уу? Үүнийг бид туулж ирсэн түүхээсээ эхлээд энгийн ард ард түмний аж амьдрал, аман зохиол зэрэг бүхий л салбараас олж харж болно. Энэхүү эссэний авч үзэх гол санаа бол: “ Өнөөгийн залуучууд бид өөрсдийн амьдарч буй нийгэмдээ хэрхэн шинийг санаачилж ямар амжилтанд хүрч чадах вэ? гэдэг талаар юм. Хэдийгээр 13-р зуунаас хойш Монголчууд бид дэлхийн тавцанаа олигтой нөлөөтэй байж чадаагүй өдий хүрсэн ч агуу сэтгэлгээгээ хараахан гээгүй байна. Орчин үеийн залуучууд, тэр дундаа эрдэм мэдлэгийн төлөө сурч буй оюутнуудын сэтгэлгээний хөгжлийн чиг хандлагаас улс орны минь цаашидын хөгжил ихээхэн шалтгаалах болно. Бид бусдын хийдэгийг л хийвэл тэдний адил шагналыг авах болно. Харин ямар ч асуудлыг өөр өнцөгөөс нь харж, цоо шинэ шийдэл өгөх хэрэгтэй. Эндээс л амжилтын эх булаг ундарч, өөр амьдрал, өөр хөгжилийг хүлээн авна. Би бодохдоо миний давуу тал бол бусдаас өөр байх гэж боддог. Тэрнээс биш бусдын нэгэнт л гаргачихсан амжилтыг давтах нь тийм чухал биш. Тэгэхлээр энэхүү эссэг үе тэнгийн залуучууддаа хандан бичиж байна.
- Санаачилга ба амжилт
а/ Боловсрол мэдлэг
б/ Бизнес
в/ Манлайл
а/ Боловсрол мэдлэг
Санаачилга ба амжилт гаргах чухал нэг хүчин зүйл бол цаг үеийнхээ ач холбогдолыг зөв ухаарч таних юм. Ингэж чадвал чулууг ч гэсэн алт болгож чадна. Сүүлийн 10 жилд Монголчууд бид ямар нийгэмд амьдрав мөн ямар өөрчлөлт шинэчлэл явагдав. Мянга есөн зуун жар далаад оны үеийн залуучуудын даль жигүүр нь илгээлтийн эзэн болох байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх. Мөн цэрэгт явах хүсэл мөрөөдөл эрчүүдийн дийлэнхийг эзэлж байв. Ерээд оны ардчилал шинэчлэлээс хойш боловсролын салбар хүчтэй хөгжлөө. Улаанбаатар шиг олон их дээд сургуультай хот дэлхийд ч цөөхөн байх. Үерийн ус мэт үелзэх энэ их залуучууд юуны учир гадаад дотоод руу тэмүүлэх болов. Боловсрол, мэдлэг, өндөр цалинтай ажил. Энэ гурван үг ихэр гурван хүүхэд шиг хамтадаа сонсогдох юм. Нэгэнт мэдлэг боловсрол чухал болсон мэдээлэл технологийн эрин үед бид санаачилгатай хандаж, шинэ арга барилаар суралцах хэрэгтэй. Тэгэхгүй бол амжилт гаргана гэж найдалтгүй. Байдаг л нэг компаний явдаг ня-бо буюу худалдааны менежер болно гэсэн үг. Муу ажил гэж байхгүй. Гэхдээ мэдлэгээсээ доогуур ажиллаж болохгүй. Тиймээс мэдээлэлийг цэгцтэй хайх чадвартай, олсон мэдээлэлдээ зөв дүгнэлт гаргаж ялгаж ангилдаг тийм чадвартай болцгооё.За тэгвэл бидний өмнө буй заавал хийж сурах хэрэгтэй хирнээ чаддаггүй зүйл юу вэ? Жишээлбэл англи хэл сурах. Бүх зүйлд тодорхой хэмжээний арга зам бий. Англи хэлийг хүн болгон сурахийг хүсдэг учраас хамгийн олон аргачлалтай хэл гэж хэлж болно. Сурахад хамгийн амархан хэл биш ч сурах хамгийн олон аргачлалтай хэл гэж хэлж болно. Ингээд л өөрөө өөртөө санаачилгатай хандаад эхэлье. Дэлхийд хоёр л хэл байдаг. Нэг нь англи хэл нөгөөдөх нь бусад хэл. Дотор арай хөнгөрч байна уу? Олон зүйлийг хүмүүс бид урамаар хийдэг учиртай. Цаашдаа хүнийг төгссөн сургууль, тавьсан дүнгээр нь биш цэгцтэй мэдлэг бодит чадвараар нь хэмжиж эхлэх болов уу? Тиймээс сурах арга барилдаа санаачилгатай хандацгаая. Мэдлэгт оруулсан хөрөнгө ямагт өндөр хүү төлдөг юм.
б/ Бизнес
Бизнес сэтгэлгээ, бизнесийн соёл саяхнаас л хөгжиж байна. Асар хурдацтай өнөө үед арга барилаа байнга өөрчилж байхгүй бол нэг мэдэхэд л өрсөлдөөнд дарагдаад юу ч үгүй болж хоцорно. Залуучууд бид дажгүй бизнес эрхэлдэг байх хэрэгтэй. Энэ нь хувийн шинжтэй байвал ирээдүйтэй. Зөвхөн байгуулгаас өгдөг мөнгөөр хэн ч машин авч унаж, гурван өрөө байранд амьдарч чадахгүй шүү дээ. Монголын зах зээл одоохондоо хэрэглэгч зах зээлийн хэмжээнд л байна. Одоохондоо гэдгийн учир бол ирээдүйд өөрчлөгдөнө гэсэн билэгдэл. Жижиг сажиг ахуйн хэрэглээнээс эхлээд төмс ногоогоо бусад улсаас аваад байх биш харин өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Энэ талаар амтай бүхэн чилтлээ ярьж байна. Монголд жижиг дунд үйлдвэр хөгжих боломж их байна. Зун бүр оюутан, сурагчид ажлийн эрэлд морддог. Хэсэг найзууд, хамаатан саднаараа ч болтугай нийлж байгаад жижигхэн үйлдвэрүүд л байгуулаад байвал тун их ашигтай. Зөвхөн өнөө маргаашийн мөнгө төгрөгнөөс гадна арвич хямгач юмханаар юм хийе гэсэн сэтгэлгээтэй болно. Яагаад баян, ядуу, дундаж гэсэн бүлэг хүмүүс байдаг вэ? гэвэл тэгээд төрчихсөндөө биш тэдний үзэл бодолдоо байдаг. Гадаад улсад ажиллаж байгаа нутаг нэгтэнүүд маань мөнгөнөөс илүү технологи, жижиг үйлдвэр оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгвэл юу хийх вэ? Монголд байхгүй цоо шинэ бараа бүтээгдхүүн, үйлчилгээг л хийе. Бусдаас ялгарах онцлоготой байх хэрэгтэй. Ийм төрлийн шинэ санаа яаж олох талаар ном товхимолоос харж болно. Ийнхүү үндэсний хөрөнгөлөг сэхээтэн хүмүүс нэмэгдсэнээр тэд нийгмийн хөгжилийг тодорхойлох болно.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд телевизүүдээр гарч буй манай компануудын реклам 13-р зуунаас ердөө ч хэтэрхгүй байна. Магадгүй нийгэмийн сэтгэлгээ үүнийг л хүлээн авч байгаа байх. Гэхдээ бид одоо ирээдүйг төсөөлж энэ төсөөлөлөө рекламандаа шингээх хэрэгтэй. Жишээлбэл 13-р зуунд ийм байсан Монгол 22-р зуунд ямар болох вэ? гэх мэт. Мобиком компани бол шинийг санаачлагч компани юм. Дөнгөж дэлгүүрүүдийн лангуу дүүрч ядаж байх тэр үед Монголчууд гар утас хэрэглэнэ хэмээх эрсдэлтэй алхам хийсэн нь хожим харахад нийгэмийн захиалга байлаа.
в/ Манлайл
Манай залуучуудын дунд буй нийтлэг сул тал бол залхуурах ба юманд хайнга хандах юм. Хүн болгоны дотор алдар хүндтэй болох эд баялагтай болох мөрөөдөл бий. Гэхдээ бэрхшээл тохиолдох үед амархан бууж өгдөг. Энд би хүн өөрөө өөртөө таалагдаж амьдрах талаар зориуд дурьдаж хэлмээр байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй бол хичнээн мундаг байгаад хэрэг байхгүй болно. Бараг 100, 100 н удаа бүтэлгүйтэж байж чийдэнг зохион бүтээсэн Томас Эдисон нэгэн суут үгийг хэлсэн. Энэ нь: “ Хүмүүс алдаа гаргангуутаа хийх гэж байсан зүйлээ больчихдог ба тэд амжилтанд хүрэхэд ямар ойрхон байснаа мэддэггүй нь жинхэнэ алдаа юм гэжээ. Тэгэхлээр амжилтанд хүрнээ гэдэг нь тодорхой хэмжээнд алдаа гаргана гэсэн үг юм. Эрсдэлгүйгээр ямарч гайхамшиг гэж байхгүй. Энэ эрсдэл бол урьд өмнө хэний ч гаргаж байгаагүй шинэ санаа юм. Хэн нэгэн хүн таныг түр зуур зогсоож чадах бол та өөрийгөө мөнхөд зогсооно. Эртний нэгэн хөшөөн дээр: Амьдралын тулаанд хэн хүчтэй нь ялж, хурдан нь түрүүлдэг юм биш. Харин хэзээ нэгэн цагт өөрийгөө чадна гэж үзсэн тэр хүн л манлайлагч байна гэж бичсэн байдаг. Тиймээс өөрсдийн сурч ажиллаж буй бүхий л салбартаа манлайлагч удирдагч нь байцгаая. Тэгэхдээ учир зүггүй хүнийг даргалах, захирахад чиглэсэн биш амьдарч буй нийгэмдээ үүрэг хариуцлагатай хандах хэрэгтэй. Учир нь та биднээс Монголын ирээдүй шалтгаална.
Санаачилга амжилт хэрхэн гаргах
а/ Хуучин зүйлийг сэргээвэл энэ нь шинэ санаачилга амжилт болж чадна. Хуучины сайхан
цаг сэргээсэй гэсэн бодол хүн болгоны дотор байдаг.
б/ Ном унших. Баян хүмүүсийн гэрт асар их хэмжээний ном байдаг. Тэд мөнгөтэй учираас
тэгтлээ их номтой байдаг биш. Их ном уншсан учираас баяжсан юм. Ямарч салбарын
хүн байлаа гэсэн номонд цаг гаргах хэрэгтэй.
в/ Төрөл бүрийн семинар лекцэнд тогтмол сууж байх. Хэдийгээр цаг зав их шаардах
боловч суусны дараа ажлын бүтээмж хоёр дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.
г/ Сонирхол нэг хүмүүстэй хамт байх. Клуб зэрэг ижил сонирхол бүхий хүмүүстэй хамт
байснаар тэдний сэтгэлгээний хэмжээнд очино.
Дүгнэлт.
Эссэний маань төгсгөлийн чухал санаа бол: Ямарч санаачилгыг зөв зүйлд хэрэглэснээр л жинхэнэ амжилтыг гаргаж чадна. Хүн хичнээн ухаантай байлаа гээд түүнийгээ буруу зүйлд ашиглавал бүх зүйлийг сүйрэлд хүргэнэ. Өнөөдөр дэлхийд олон компютерийн хакерууд вирус зохион сая сая компютер өвчлүүлж, эмийн үйлдвэрүүд өвчиний вирус тараагаад эргүүлэн эмээрээ эмчилж ашиг олж байна. Бидний сайн мэдэх Нобелийн шагнал дэлхийн 1-р дайны үед анхы шагналаа гардуулсан. Энэ Нобел хэмээх эрдэмтэн өөрийн бүтээлийг цэрэг дайны зориулалтаар ашиглахыг хориглоод бусад эрдэмтэдэд ч тийнхүү уриалсан түүхтэй. Монгол ардын зүйр үгэнд сайн санааны үзүүрт шар тос гэдэг. Хүн ардын сайн сайхны төлөө гаргасан санаачилга жинхэнэ амжилтыг авчирна.
Эцэст нь хэлэхэд суут сэтгэгч Демокрит: Би сэтгэж байна тэгэхлээр би амьд байна гэж хэлсэн юм. Сэтгэлгээ бол маш энгийн зүйлээс ч эхэлдэг. Тэгэхлээр бид сэтгэж, санаачилж байх тэр үед өөрийгөө илүү их мэдрэх болно. Хүний бусад амьтадаас гол ялгарах чадвар бол сэтгэх юм. Үүний нэг тод жишээ бол бидэнд байхгүй он, сар өдрийг байгаа болгоод аль хэдийн хувиарлалтанд оруулчихсан байдаг. Би сэтгэж байвал амьд байна гэсэн үг. Та сэтгэж байвал та амьд байна гэсэн үг. Монголын залуус сэтгэж байвал бид амьд байна гэсэн үг.
|
|
Сэтгэгдэл бичих!
|
2007-Dec-31 - |
| Бичсэн:
3apaa_ax |
| Happy New Year! I wish you all the best coming 2008! |
| Хоблоос Засах
|
|
Миний тухай
Uuriiguu busdad taniltsuulah, shine medee medeelel shideh, tsugluulgaasaa nemeh
Найзууд
|