Монголын тархи ГООЖИЖ БАЙНА...
Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар.
Фридрих А.Хаек
"Оюунлагууд" ажил хаяа юу?
Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлага тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий барин хүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ард түмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийн сайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт л таалагдаж байна. Гэхдээ сонсоход эх оронч, ард түмнээ бодсон мэт дуулдах төрийн оролцоо, улс төрчдийн санаачлага нь амьдрал дээр буухаараа тун өөр зорилготой, арчаагүй, өчүүхэн зүйл байх нь их.
"Ард түмэн", "жагсаал цуглаан" гэснээс хүн төрөлхтний түүхийн туршид ганцхан төрлийн хүмүүс л ажил хаяагүй юм гэнэ лээ. Бусад бүх салбар, төрлийн хүмүүс хүссэн цагтаа ажлаа зогсоож, өөрсдийнхөө хэзээ ч орлошгүйг харуулахын тулд бусдад шаардлагуудаа тулгасаар ирсэн. Харин дэлхий дахиныг "Атлантид" адил мөрөн дээрээ үүрэн, тэдний амьдралыг тэтгэдэг атлаа зөвхөн тарчлаан, үзэн ядалт, гадуурхалыг ажлын хөлс болгон оронд нь авдаг ч хүн төрөлхтнөөс хэзээ ч урваагүй ганцхан төрлийн хүмүүс бий. "Оюунлаг" хүмүүс хэзээ ч ажил хаяж, оюун ухаан хэзээ ч зогсож байгаагүй юм. Өлсөж, үзэн ядуулж, хүчирхийлэлд өртөж, шатаалгаж байсан ч оюунлаг хэсэг дэлхий бөөрөнхий, урлаг аугаа, эрх чөлөө төрөлх болохыг нотолсоор, хүмүүст гэрэл гэгээгээ харамгүй зориулсаар ирсэн. Хэрэв тэд байгаагүй бол хорвоо ертөнц ингэтлээ хувьсан өөрчлөгдөж, хүмүүс бид цаг хугацаа, орон зайг эрхшээх энэ их хөгжлийг амьдрал ахуйдаа оруулж чадахгүй байлаа. Хүн бүр эрх чөлөөндөө эзэн байх явдлыг ч "дарангуй бодолтнууд"-аар хүлээн зөвшөөрүүлж дөнгөхгүй байв.
Гэтэл харин монголын оюунлагууд ажил хаясан мэт хаана яваа нь үл мэдэгдэх юм. Оюун ухаанаа муу ааш, араншингийнхаа боол болгочихоод, нийгмээ "амьтны ферм" адил эх захгүй шунан идэх донд умбуулж буй дарангуй бодолтнуудын эсрэг оюун ухаан босох цаг болсон юм биш үү. Эрүүл саруул бодол, хөгжилд хүрэх оюуны шийдлүүд хаана гацаж, хаана нуугдана вэ? Бат-Үүлийн бичсэнчлэн оюунлагууд нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, "супер сармагчингууд"-ын зэрлэг ааш араншингийн эсрэг эрүүл санаа бодлуудыг сөргүүлэн тавих цаг нь болоогүй юу.
Оюунлагууд үгүй газар "дарангуй бодолтнууд" ажил ихтэй байдаг. Учир нь тэд бусдын харанхуй мунхаг байдлаас эрх мэдэл, хүч чадлаа олж авдаг юм. Тиймээс оюунлагууд гэрэл гэгээгээ бусдад түгээж, орчноо өөрчлөхгүй бол улс төрчид өөрчлөгдөхгүй, дарангуй бодолтнуудад далд орохгүй ээ.
Хаа сайгүй "Романтик хортонгууд"
Юу ч мэддэггүй мөртлөө сайхан санаа агуулсан, гал цогтой хүмүүсийн цаана л эрх чөлөөнд учрах хамгийн том аюул нуугдаж байдаг. Тэд бол "Романтик хортонгууд". Өнөөдөр олон хүн амжилттай ажиллаж буй бизнесийнхний эрхийг хөндөж, бүтээсэн баялагийг нь хуваан авахаар түрэмгийлж байна. Энэ түрэмгийллээ эх орон, ард түмэн гэх гоё үгнүүдээр халхалж, төрийн бодлого нэрийн дор зөвтгөж байна. Эдгээр хортонгууд гэхдээ өөрсдийнхөө сайн сайхны эх булгийг устгаж байна гэдгээ ойлгох ч үгүй байгаа. Тэдэнд социализмаас удамшсан өвчин болох эх орон, ард түмэн гэх мэт энэ хийрхэл нь өнөөдөр бизнесменүүдийг энэ гоё үгнүүдийнх нь “тахилга өргөх золиос" болоход хүргэж буй юм. Уул нь шударга хөдөлмөрч хүмүүсийн өөрийнхөө авъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ бий болгосон сайхан амьдралын буянаар тийм авъяас байхгүй олон хүн "хүн шиг амьдрах" бололцоотой болдог гэдгийг бодох л хэрэгтэй байх. Даанч харамсалтай нь авъяасгүйнүүд нь төрд шургалж, улс төр хийн хөдөлмөрлөх авъяастай хэдийгээ цөлмөж, дээрэмдэх нь түгээмэл юм даа.
Монголын утга зохиол ч бас үүнд хувь нэмрээ оруулна гээч. Гагцхүү ядуурлын эрэн үед л оюун ухаан ач холбогдолгүй мэт болж, хүмүүсийг оюун ухаан жолоодохгүй харин хүний тарчлаан, зовлон жолоодож эхэлдэг гэдэг. Тэр цаг үед хүмүүс зовлонгийн тухай мэдлэгээ ямар нэг уран бүтээл болгон хувиргаж, өнгөрсөн үеээ магтан дуулах төдийхнөөр сэтгэлээ хууран, өөрсдийнхөө амьдралыг улам бүр хар бараан сүүдэрт нуун, ирээдүйд итгэх гэрэл гэгээ, амьдралаа өөрчлөх итгэл, хувь заяагаа сонгох эрх чөлөөгөө урлагийн нэр барьсан "Романтик хортонгууд"-д алдаж эхэлдэг.
Би мэргэжлийн шүүмж өрнүүлээд байх утга зохиолын мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ өдөр тутамдаа оюуны цангаагаа тайлж, сэтгэхүйн дасгал болгон утга зохиолын олон төрөл бичлэгийг шамдан унших дуртай хэрэглэгч. Гэтэл манай урлаг ямар ч авъяасгүйн харгайгаар биелэгдэж чадаагүй хүсэл мөрөөдөл, хий хоосон сүржин үг, учрыг нь ч гүйцэд тайлж чадаагүй хээнцэрлэсэн өгүүлэмжүүдтэй ядмагхан утга санааны бөөгнөрлөөр л илэрхийлэгдэж, гэгээлэг зүйл нэг ч үгүй, хар бараан зүйлс эсхүл марзганасан хэдэн тавилтаар хэмжигдэж байна.
Хувь хүнийг нийгмийн эрэг шураг мэт үнэлэн, төрийг магтан дуулж "иргэн бол төрийн ариун өмч", "хөрөнгөтэй хүн бол муу муухайн туйл" гэх хүртлээ марзганах хэрэг байгаа юм уу даа ер нь. Хувь хүн өөрийнхөө эрх чөлөөнд эзэн байж, хувийн өмчтэй болох гэж тэмцсэн тэмцэл хүмүүний түүхийг тодорхойлохоор хэмжээнд оччихоод, утга зохиол бүхэлдээ биш юм гэхэд ямар нэг байдлаар экзистенциалист шинжтэй болчихоод байхад, урлагийнхан маань хоосон толгойгоо уран үгээр халхлан, "хамтач үзэл", "төр дээдлэх бурангуй ёс"-ыг утга зохиол нэрийн дор бидний толгой руу чихэж, "сайн хүн гэдэг өмчгүй хүн" гэх маягийн социалист ёс суртахуунаар эрх чөлөөг минь хулгайлалцаж, "Романтик хортон" болж суух юм. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ахаа гэж...
Урлаг цаг үеээ бүтээдэг гэдэг. Харин манай урлаг, утга зохиол цаг үеэ хойш чангааж байна.
"Тархины гоожилт"
Оюун ухаан хүчгүйдэж, хөдөлмөр шулагдан, эрх чөлөө боймлогдсон газар ядуурал нүүрлэдэг. Тэр газраас өөрийн гэсэн оюун ухаантай, түүндээ итгэж, эрх чөлөөгөө хулгайлуулж, хөдөлмөрөө дээрэмдүүлэхгүй гэсэн хэсэг нь дүрвэн зугтдаг. Энэ бол жам ёсны үзэгдэл. Үүнийг "тархины гоожилт" хэмээн нэрлэх нь бий. Учир нь хүмүүний оюун ухааны эрүүл хэсэг нь эрүүл бус хэсгээсээ хүч хэрэглэхгүйгээр салж одох нь жам бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь үлдсэн тэр хэсэгт өөрөө өөрийгөө эрүүлжүүлж, нөхөх, хөгжих оюуны чадвар үгүй болдог. Тархины хамгийн гол чанар нь өөрийгөө эрүүл санаа бодлуудаар тэтгэж, хөгжих явдал бөгөөд энэ чадвар нь гээгдэж буй бол түүнийг Айн Рэндийн адил "тархи гоожиж байна" гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ.
Монгол үндэстний тархи өнөөдөр гоожиж байна. Мэргэжил мэдлэгтэй, амьдрах аргатай олон хүн өнөөдөр монголоос дайжин гадагш тэмүүлж байна. Монголдоо олон зүйл шинээр хийж бүтээж чадах эрүүл бодол санаатай, хөдөлмөрч иргэд гадагш нүүн, өөр бусад орны хар бор ажлыг хийн, баялгийг нь бүтээлцэж, тэнд ажиллаж амьдарч байна.
Үнэндээ хэнд боловч баяжих боломж нь нээлттэй, баяжина гэдэгтээ итгэлтэй, шударга чөлөөтэй орчин хэрэгтэй. Тийм болохоор төртэй түншилж, албан тушаалтантай хамтарч байж л амжилтанд хүрдэг, эрх мэдлээр дамжиж баяждаг гажчихсан монголын энэ орчинд эрүүл тархи байж чадахгүй. Гадагш тэмүүлэх тэдгээр тархийг би лав хувьдаа буруутгах арга алга. Харин монголын тархийг гоожуулаад байгаа мөртөө тэрэнд санаа тавихгүй, эрүүл тархи ажиллаж, амьдарч болох тэр орчинг нь бүрдүүлэх үүрэгтэй ч энэ ажлаа хийж чадахгүй байгаа тэр тархигүй хэсэгт л би бухимдаж байна. Энэ бүхний эцэст гоожих тархигүй хэсэг нь голомтоо сахиад үлдэх вий хэмээн хувьдаа бас айж байна.
Төмөр нүүртэй ч ичих нүүргүй төр
Ер нь удирдагч увайгүй /люмпэн элит/ болсон газар зөв нь буруу, сайн нь муу, хулгай нь шударга болдог. Тийм газраас зөв, сайн, шударга зүйлийг эрхэмлэх эрүүл тархи гоожиж зугтах нь зүйн хэрэг.
Онцлог нь монголд тархи гадагш гоожиж гарахаасаа гадна дотроо бөглөрч, хөгзөрч байна. Люмпэн элитүүд нь угсаа залгамжилсан язгууртан адил эрх мэдэлдээ хадагдаж, өөрсдөө бусдад ухаалаг, цэцэн болж харагдахын тулд ойр орчиндоо "хамгийн бага тархитай хүмүүсийг" бөөгнүүлж, өөрсдийгөө хүрээлүүлж, цайз хэрэм мэт хамгаалуулж байна. "Жаран чавганц уралдахад нэг чавганц нь түрүүлнэ" гэдэг бол тэдний ухаантай болж харагдах жүжгийн хамгийн гол дүрэм.
Тархигүй шахам туслагчид нь хамгийн болхи, тэнэг жүжиг найруулж, төмөр нүүр гарган иргэний амьдралыг бантагнуулахад, хагас тархитай удирдагчид нь засаж, зааварлан энэрэнгүй хийгээд ухаантай царайлж, бусдад хариуцлага тооцон, өөрсдөө хариуцлагагүй байх бол монгол төрийн өнөөгийн дүр төрх. Тэгээд болоогүй иргэдээ өөр шигээ тархигүй мэт бодон, намайг дарлах, миний ажлыг хянах, миний дотоод хүсэл мөрөөдөл, сэтгэлийг минь хүчирхийлж, оюун ухааныг минь боймлох тэр эрх мэдэл-дур зоргоо "чи төрөө дээдэл, иргэний үүргээ биелүүл, дэг журам сахь, татвараа төл тэгэхгүй бол төр төмөр нүүрээ үзүүлнэ" хэмээн байнга тулган баталгаажуулах мөртөө, өөрсдөө миний өмнө хүлээсэн үүргээ мартан огоорч, биднийг /иргэнийг/ үл хүндэтгэж, юманд бодохгүй байгаа тэдний энэ пээдгэр зан намайг байнга гайхалд оруулдаг. Бүгдийг угжин бүүвээлэх буянлаг-социалист төрхөө хаацайлж, хамгаалан нэгийг нь дээрэмдэж, нөгөөг нь тэтгэн, бүхнийг эрхшээлдээ оруулах гэсэн "дарангуй бодолтой" атлаа тэд сонгууль болохоор биднээс санал гуйн ирэхдээ ичэх нүүрээ хаана гээж, юунд итгэж буй нь бүүр ч гайхал төрүүлнэ гээч.
Тэдэнд даанч гоожих тархи байхгүйтэйгээ адил бас ичих нүүр байхгүй юм даа.
2006.05.19
бичсэн: Tji | төрөл:
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Тэмүүжин чамд амжилт хүсэе.
Манай улсын Ерөнхий сайд НҮБ-ын 61 дүгээр чуулган дээр үг хэлж гайхуулж байгаа тухай амралтын өдрүүдэд “Больё оо” гэтэл үзүүлэв байна. Нөгөө л хүүхдийн 3000 төгрөг, шинээр гэр бүл бологсдын 500 мянган төгрөгөө яриад сүйд. Өөрийнхөө ачаар энэ жилээс сургуулийн бага ангийн сурагчдад балга тараг, аяга сүү өгдөг болсноо ч ярина лээ. Бас тэгээд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн үзүүлэлт ахиж байгаа мэтээр баахан гайхуулав.
Мэдээж НҮБ-ын гантиг ногоон индрээс үг хэлнэ гэдэг тэр болгон хүнд заяадаггүй завшаан болохоор мань хүнд гоё л байсан байж таарна.
Харин хүмүүс гайхсан байх. Ямар ч баялаг бүтээгээгүй, үйлдвэрлэл ярихгүй зөвхөн л тэтгэвэр тэтгэмжийг төрөл бүрээр өгөөд байж яахаараа ДНБ нь болоод эдийн засаг нь өсдөг байна аа гэж. Гэтэл бага зэргийн тэр өсөлт бол гадаадад ажиллаж оюун ухаан, хөлс хүчээ шавхан байж явуулсан монголчуудын маань мөнгө гэдгийг мань хүн өөрөө ч мэдэхгүй тууж яваа.
Хүн төрөлхтний түүхийн явцад хэзээ ч ажил хаяж өөрсдийгөө мэдрүүлж ямар нэгэн тулган шаардалт тавьж байгаагүй ганцхан давхарга байдаг тухай Айн эндийн "Атлантын мөр тэнийв" номд дурдсан нь бий. Тэр бол оюун ухаан. Оюунлаг хүмүүс хэзээ ч ажил хаядаггүй атлаа хүн төрөлхтний хамгийн хүнд хэцүү бүхнийг үүрч хөгжил дэвшилд хүргэснийхээ шанд зөвхөн сэтгэлийн шаналгааг л хөлс болгон авдаг тухай бичжээ. Нээрээ багш, эмч, жолооч гээд янз бүрийн мэргэжлийн салбарынхан хүссэн үедээ ажлаа хаяж өөрсдийгөө юугаар ч орлуулшгүй гэдгээ илэрхийлж цалин мөнгөө байнга нэмүүлсээр ирсэн байна.
Харин оюунлагууд зовж шаналсаар байдаг ч дуугүйхэн ажилласаар эцэст нь оюун ухааныг дээдэлдэг газар руу яваад өгдөг гэх. Тэгэхдээ "Би явлаа" хэмээн цээжээ дэлдэлгүйгээр нэг л мэдэхэд шилээ харуулчихдаг гэмтэй. Харин тэдний явсныг нийгмээрээ оюуны хоосролд автаж боловсон хүчин дутаж улс орон доройтохын цагт мэдэрдэг гэх. Үүний нэг тод жишээ бол 1960-аад оны Англи орон.
Үндэстний сэхээтнүүд нь харьд дүрвэж оюуны хоосролд автахыг "тархины гоожилт" хэмээн британичууд нэрлэжээ. Эрдэмтэн, сэхээтнүүд нь "зугтаж" байсан тэр үед Англи орон үндэсний потенциалынхаа 20 хувийг Америкт "экспортолсон" гашуун туршлагатай. Харин тэр аюултай "тархины гоожилт" өнөөдөр манай улсад нүүрлэсэн бололтой. Орц бүрийн хонгилд шахуу дээд сургуулиуд ажиллаж жил бүр хэдэн мянгаар тоологдох диплом өвөрлөсөн сэхээтнүүдийг зай завсаргүй үйлдвэрлэх атлаа өндөр боловсролтой боловсон хүчнээр яагаад гачигдах болов оо. Монголын төрийн толгойд яагаад олигархи, люмпэнгүүд сууж хэдэн зуун жилийн түүхтэй төрт ёсоо авлига хэмээх хэцүү нэртийн өлмийд дэвсэж өгөв өө. Тэгэхээр Монголын оюун ухаан хэдийнэ "ажил хаясан" байна. Монголын тархи гадагшаа гоожиж бид үндэсний потенциалаа алдаж эхэлжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын сэхээтнүүдийн 90 хувь нь тэр жишгээр л гадагшаа урсчихаж.
Цагаан морин жилийн хувьсгалыг пролетарын хувьсгал болголгүйгээр жолоог нь алдуулалгүй капиталист хэмжээнд нь барьж, ардчилал цэцэглэх хөрс шороо нь болж өгсөн сэхээтнүүд хэдийнэ харийн нутагт ажиллаж амьдрахаар одсон байна. Албан бус тоогоор Монголын 400 мянгаад хүн гадаадын аль нэг оронд ажиллаж амьдарч байгаа. Тэдний 80 хувь нь сэхээтнүүд. Энэ бол харамсалтай тоо.
Өдгөө Монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг өөрчлөх, засч залруулах гэхээр сэхээтний дэмжлэг алга. Байгаа хэдийнх нь ард түмнээ бүдүүлэг, харанхуй хэвээр байлгах сонирхол нь дийлж байгаа. Гэгээрсэн оюунлаг хүмүүсээс харанхуй, бүдүүлэг ард түмнийг мэхлэх нь амар болоод тэр. Хором тутам шинэлэг, боловсон, оюунлаг зүйл шаардах ард түмнээс атга гурил, үмх талх, өмсөх хувцас нэхэх ард түмнийг тэжээж тархийг нь угааж байх нь хэдэн хувь амархан бөгөөд бас зугаатай. Өнөөдрийн манай нийгэмд оюун ухаанаар ажил хийхээсээ илүү элдэв гачигдал, зовлон бэрхшээлээр хоол хийгсэд урагшаа ахиж, дэвшиж дээшилж байгаа юм. Сонгуулийн үеийн жишээг харж болно. "Хүүхдийг чинь гадаадад боол болгоно" "Цалин чинь хүрэхгүй бол тэтгэмж олгоно", "Ажил хийгээд хэрэггүй ээ. Зүгээр суусны чинь шанд мөнгө өгнө" гэсэн люмпэн амлалтууд л давамгайлж сонгогчид нь ч "Аль нь их гурил, будаа, мөнгө амлах нь вэ" гэсэн хүлээлтээр тэднийг угтсаар байгаа. Нийгмээ шинэчлэхээр зориглосон цөөн тооны сэхээтнүүдийг ямар ч өмч хөрөнгөгүй, боловсролгүй хүмүүс дэмжиж сав л хийвэл 1917 оны Оросын пролетарын хувьсгалыг давтчих гээд шаналгаж байна.
Тэд хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг хурааж тэнцүү эзэмшиж, боловсролтой цөөн тооны сэхээтнүүдээ хоморголон шорон гянданд илгээж, социализм руу ухраачих гээд зовоож байгаа. Гэдэс нь өлсгөлөн хүний оюун ухаан нь аль хэдийнэ "турж үхсэн" байдаг ажээ. Эсвэл оюун ухаан нь "өлсөж үхэхээр" зөвхөн идэж уух бусдыг үзэн ядах амьтанлаг шинж нь үлддэг ч юм уу. Нэг л биш ээ.
Харин энэ бүхнийг хариас анхааралтай ажиглаж интернэтээр үзэл бодлоо илэрхийлж тэвчээр алдан суугаа оюунлагууд маань л эргэж ирэх нь хэзээ юм бол доо. Монгол хүн хичнээн алс газар явж амьдарсан ч эргээд заавал нутгаа барааддагсан. Гэхдээ тэд эргэж ирэхэд зовлон их ээ. Шаахайгаа үүрч ирсэн харийн тэнүүлчин манай улсад үйлдвэрлэл явуулахад эхний гурван жил татваргүй. Гэтэл гадаадад ажиллаж байгаад хэдэн "ногоон" өвөрлөж ирсэн монголчуудад юуных нь татварын хөнгөлөлт. Харин ч нэлээд их хэмжээний авлига өгч байж арайхийн бизнес эрхлэх зөвшөөрлийг олж авна. Тэгээд алхам тутамдаа "хяналт шалгалт" нэртэй элдэв татаас тасрахгүй. Үүнийг тэд тэвчих үү. Түүнд орвол сар бүр гэрээдээ хэдэн ногоон явуулчихаад дарамтгүй нийгэмд амьдрахыг илүүд үзэж буй. Гэхдээ л насны нар хэвийсэн цагтаа ирж амьдрах Монголынхоо нийгмийг гайгүй дээр нь өөд нь татаж, засч авахад гадагшаа урссан оюунлагуудын дэмжлэг мөн ч их байна санж. Эх орон, ард түмэн чинь оюуны хоосролд автаж байгааг ойлгож тархины цоорхойг нөхөх юу юунаас илүү л байна даа.
Л.Мөнхбаясгалан
Өдрийн сонин, 2006.9.25-ны дугаарт нийтлэгдсэн.
Зассан: Tji хэзээ: 4.19.2007 04:32
Зассан: Legacy хэзээ: 4.19.2007 07:43
Энэ талаар мэдлэгээ хуваалцах хүн байвал сэтгэгдлээ дэлгэрэнгүй бичээрэй.

Зассан: Tji хэзээ: 3.23.2008 12:54
ter bol manai angiin huuhed, bid bol manai ger bul minii aaj aav ah egch duu nar, bi bol bi uuruu minii bie-s gadna bas minii oyun uhaan.
tanii ted geed bgaa humuus chini bid-ntei ogt hamaagui "subjekt" mun uu? magadgui tanii duu, ah, hadam, hursh, darga chini esvel uvurhangain malchin.
ted, bid, bi=mgliin niigem
tednii shaardlaga, bidnii husel, minii muruudul=mgl-iin setgehui
ene tani niitleliin 1 heseg vu ch oilgosongui bidniig 1 bolohor goojij bga tarhi gej haramsaad bga vum u esvel ekh orondoo yasa ch tavih erkhgui hogjliin toloo ekh orniihoo toloo gej bodoh erhgui humuus geed bga vum u
Хэ хэ, Зочны иш татсан энэ өгүүлбэр миний нийтлэлийх бишээ. Мөнхбаясгалан гээд сэтгүүлч эмэгтэйн нийтлэлийх. Сэтгэгдэл дээр нэг зочин хуулаад тавьчихсан байна лээ. Зав гаргаж бүгдийг уншсанд тань баярлалаа.
tji...
Зассан: Tji хэзээ: 9.2.2008 08:20
Сэтгэгдэл бичих
Бичлэг