Нүцгэн шөнө
Dateline: 2008-03-26
Нүд

HMTL

Х.Болор-Эрдэнэ

Сэтгүүлч бүсгүйн нүднээс хайнга, анзааргагүй бүрхэг тэнгэрийнх шиг өнгө сүүмийнэ. Их л яарч ирсэн бололтой элдвийн юм “чалчингаа” амьсгаа авах завсар чөлөөгөө жигд бус хуваарилах нь зовлонтой. Би түүний өмнөөс том томоор амьсгаадаж эхлэв. Бүсгүй ч сандал аваад дэргэд ирж суухдаа өнөөх хайхрамжгүй байдлаа хадгалсан хэвээр амьсгаагаа нэг бол түгжин, нэг бол урт гэгчээр гаргана. Хэрвээ түүний хайхрамжгүй байдлыг аваад хаячихвал энэ бүхнийг зовлон ганцаардлаасаа болоод байн байн санаа алдаж байна хэмээн ойлгож болмоор. Би ч түүний амьсгаадахыг чагнангаа өөрийн мэдэлгүй том томоор амьсгаа татаж, түүнээс ч томоор буцаан гаргаж байлаа. Бид яриагаа эхлүүлж амжаагүй шахам байхад би цухалдаж эхлэв. Бүсгүй өөрийнхөө амь амьдрал болон хувь заяаны бэлэглэсэн хүчилтөрөгчид ч бас тийнхүү хайнга хандаж байгаа нь харамсмаар. -Үгүй ээ, чи битгий ингэтлээ сандраад байгаач дээ гэж тэсгэлгүй дуу алдахад тэр гэнэт аянганд цохиулсан мэт амьсгалахаа болчихоод өөдөөс дүрлийтэл харав. Энэ үед нь би бүүр ч ихээр амьсгаадаж “Хурдан амьсгаагаа гаргаач ээ” хэмээн дотроо бүгчимдэн үглэж байлаа. Сэтгүүлч бүсгүй нөгөөх дүрлийсэн том нүдээрээ намайг залгиж орхих гээд байх шиг амьсгалаа түгжин өөдөөс учир дүрсгүй ширтэж байснаа түсхийтэл инээд алдав. Тэр инээдийн завсар чөлөөгөөр гарсан хийнд миний дотор ч чөлөөлөгдлөө. Би тамхи гарган асаагаад том гэгч сорж, уушиг руугаа таатай урсгал зөөлхөн шурган орохыг мэдрэв. Тэр үед бүсгүй,

 -Тэгээд таны хообий юу вэ гэсэн асуултаараа санаандгүй мөнөөх л болгоомжгүй хайнга байдлаа буцаан авчрав. Миний дотор уур дүрсхийх шиг болсноо танихгүй эмэгтэйгээс баахан гэрэвшээд,

 -Нүд цуглуулах гээд хэлчихэв. Бүсгүйн нүд аймшигтай том дугариг сар шиг болон эргэлдсэнээ,

-Юу гэнэ ээ? Нүд цуглуулах аа гэж давтан асуугаад эргэн тойрноо болгоомжлох мэт эргэцүүлэн харав. Харин тэр мөчид нөгөөх хайнга байдал нь ашгүй ор сураггүй алга болчихов. Би бараг л баярласан өнгөөр,

-Тийм ээ, нүд цуглуулах. Би хүн болон амьтны нүд цуглуулдаг гэж хариулав. Бүсгүй өргөсөнд хатгуулсан мэт суудлаа зассанаа,

-Уучлаарай, тэгэхээр та хүний нүдийг бас цуглуулдаг гэчихэв үү гэж айсан өнгөөр лавшруулан асуув. Миний инээд хүрч, түүнийг улам цаашлуулмаар санагдаад дуугүйхэн толгой дохив. Харин тэр дахиад л эргэн тойрноо эргэцүүлэн харснаа, миний сороод гаргасан тамхины утаанд сонин эвгүй хэлбэртэй болсон нүдээрээ хашгирах мэт,

-Тэгээд тэд чинь үхчихсэн байдаг биз дээ гэж асуулаа. Би дотроо бараг л элгээ эвхрэн тас тас хөхөрч суув.

-Яалаа гэж амьд. Амьд байж байж л тэр чинь жинхэнэ цуглуулга болно шүү дээ. Энэ үеэр сэтгүүлч бараг л ухасхийн гараад явчихад бэлэн байгаа бололтой хамаг биеэ хураан хярчихаад миний нүд рүү анхааралтай харахдаа юу гэхээ мэдэхгүй байгаа бололтой ам нь хий ангалзан байлаа. Тэгснээ гэнэт ухаан орсон мэт,

-Та тэднийгээ хаана хадгалдаг юм гэж арайхийн дуугарав.

-Нэг тийм том, өнгөгүй, бас ёроолгүй саванд. Гэхдээ санаа зоволтгүй дээ одоохондоо тэр маань талдаа ч ороогүй байгаа гэчихэв. Тэр бүүр ихээр айж, хэсэг түгдэрснээ,

-Тэгээд тэр хайрцаг чинь энд байна уу гэж шивнэх шахам асуулаа. “Тэнэгхэн минь ингээд асуугаад байвал чи асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ” гэж би дотроо хэлээд,

-Байна аа гээд өөдөөс нь нүдээ түүнийхээс ч томоор дүрлийлгэн харав. Түүний нүд дальдирах мэт дээш доош хэсэг эргэлдсэнээ,

-Хаана байгаа юм бэ гэж асуув. Харин энэ удаа би түсхийтэл инээчихэв. Энэ инээд бас түүнийг тайтгаруулав бололтой түрүүчийн миний гаргаж байсан шиг том амьсгаа аваад учрыг нь ойлгоогүй тэнэгдүүхэн янзаар чимээгүйхэн инээлээ.

-Чи одоо л нэг зөв асуулт тавилаа. Найз минь, эхлээд тайвшир. Тэгээд хийж байгаа зүйлдээ анхааралтай ханд. Тэгэхгүй бол чи намайг ч бас эвгүйцүүлээд байна. Жишээ нь би чиний нүдийг өөрийнхөө тэр хайрцагт аль хэдийнэ хийчихээд байна гэж хэлээд нүд нь хэрхэн өөрчлөгдөхийг ажиглан жуумалзан суулаа. Сэтгүүлчийн нүд дахиад л аймшигтайгаар тэвдэн эргэлдсэнээ,

-Яаж хэмээн бас л нэг тэнэг асуулт тавив. Би толгой сэгсрээд, түүний юун дээр ч тогтдоггүй хоосон том нүдийг /нүд ч гэж дээ нүх л гэвэл таарна/ ширтэнгээ,

-Чи ерөөсөө гэртээ харь. Тэгэхгүй бол би чиний нүдийг ухаад авчихаж мэднэ шүү гэлээ. Тэр суудлаасаа өндөлзөнгөө намайг гаж донтон болгож хувирган харах нүдэндээ итгэж ядах мэт хаалга руу нэг хяламхийснээ,

-Та надаар тоглоод байгаа юм уу гэлээ. Мэдээж би,

-Огт үгүй. Зүгээр л би чамд сэрэмжлүүлж байна. Чи явсан нь дээр юм шиг санагдлаа гэж хариулсан юм. Ингээд сэтгүүлч маань зугуухан босоод тээнэгэлзэх мэт үүд рүү хэд алхсанаа ухасхийн хаалга дэлгээд гүйх шахам гарч одов. Уг нь би түүнтэй ярилцахыг зөвшөөрөхдөө хэтэрхий ажил хэрэгч байдлыг нь бодолцсон юм л даа. Гэхдээ өөрийнхөө нүдний цуглуулганд нэг их том хэрнээ хов хоосон харцыг хийж орхисон тул тэгтлээ харамссангүй. Нүд цуглуулдаг маань үнэн. Тийм хайрцаг байдаг нь ч үнэн. Гэхдээ тэр хайрцаг миний нүдний хаа нэгтээ л байгаа. Хэрэгтэй нүдээ олж авмагцаа би хайрцагаа олоод л хийчихдэг. Ихэнхдээ шөнийн харанхуйд тэр хайрцагаа нээж үздэг. Нүдээ тас анихад л хайрцаг аяндаа нээгддэг юм. Миний таньдаг бас танихгүй олон хүний нүд тэр дотор бужигнана. Намайг хянадаг бас надад хянагддаг тэр нүднүүдийн ихэнх нь өнөөдөр эзэндээ ээл болон амьд мэнд гялалзаж яваа.

Нэг найз маань байдаг юм. Тэр хараагүй хүн л дээ. Бид их санамсаргүй байдлаар танилцсан юм. Нэг удаа хөлсний тэргээр ажил руугаа явахдаа гэртээ хэтэвчээ орхичихож. Тэгээд сандрахдаа жолооч залууд өөрийнхөө номыг өгчихөв. Жолооч ч дуртайяа хоёр гардан авсан. Тэгээд л мартчихаад явж байтал нэг өдөр ажил дээр хүүхэд хөтөлсөн дэндүү гэмээр өндөр туранхай залуу ирлээ. Нүдэндээ том хар шил зүүчихсэн тэр залуу өөрийгөө Ч … гэж танилцуулаад миний номыг амтархан уншдаг гэдгээ хэлэв. Тэгээд номыг маань эрж сурж байгаа тухайгаа найз нартаа хэлж тусламж хүсч л дээ. Гэтэл хааяахан машинаараа халтуур хийдэг нэг найз нь миний номыг аваачиж өгсөн гэнэ. Бид танилцаад элдвийг ярих зуур би түүний хар шилэн дээрээс өөрийнхөө нүдийг олж харав. Миний нүд инээмсэглэх мэт доогуураа үл мэдэг зураас ялгаруулах бөгөөд өөрийнхөө харцыг олж харах гэсэн мэт их л шамдангуй ширтэж байсан юм. Харин хараагүй найз маань надад гэнэт,

-Би чиний нүдийг харах юмсан гэж огцом хэлж билээ. Би өөрийнхөө нүдийг түүний шилэн дээрээс харж суугаа тул юу гэхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзсэнээ,

-Төсөөлөгдөж байгаагаа л үнэн гэж бод гэж хариулав. Тэр ч,

-Би төсөөлж байна. Чамайг инээмсэглэсэн нүдтэй хэрнээ ихэмсэг дээрэнгүй харцтай хүн гэж бодож байна гэлээ. Орой нь би цуглуулгадаа тэр залуугийн хар шилний цаадах бүрсгэр жижигхэн нүдийг хийчихэв. Намайг хэзээ ч харахгүй хэрнээ түүн шиг тодорхой харсан хүн байхгүй.

Бас нэг сонин нүд миний цуглуулгад өөрөө ороод ирсэн юм. Тэр нүдний доор байдаг ам үргэлж намайг магтан сайшаах хэрнээ харин харц нь могой мэт ороон, миний цээжин дотор хүйтнээр гулсаж байв. Эр хүн л дээ. Бараг л манай гэр бүлийн найз болсон хүн. Үргэлж ам нь бидэнд сайн сайхныг ерөөж байх боловч бусдад зөөлхөн гунигтай харагдах нүд нь намайг ухаж төнхөж, сандаан үймүүлж байдагсан. Харин миний нүднүүдийн доторх хамгийн зэвүүн хүйтэн харц бол одоо ч улс төрд байр сууриа хадгалсаар яваа нэгэн эрхэмийнх. Чанх урдаас нь эгц ширтээд суухад хаа нэг тийшээ гулсан алга болчихоод барьж авч болохгүй их л хэцүү байж билээ. Яг л мөнгөн ус шиг. Бага байхдаа би ээжийнхээ эмийн санг онгичиж халууны шил гаргаж ирээд тоглож байтал гараас унаад хагарчихсан юм. Тэгтэл мөнгөлөг өнгөтэй олон бөмбөлөг тэдгээр хагархайнууд дундуур ийш тийш эргэлдэн өнхөрч харагдав. Би хурууныхаа өндгөөр нэгийг дараад авах гэтэл хоёр гурав болон хуваагдаад тал тийш өнхөрлөө. Барьж авах гэж бараг өдөржин оролдсон санагдаж байна. Тэр хүний нүд яг л тэр халууны шилэн дотор байдаг мөнгөн уснууд шиг тогтворгүй хүйтэн байсан.

Зарим нүд бүр жигүүртэй гээч. Би хичнээн гуйж хүссэн ч над дээр тогтдоггүй. Хамт байхдаа ч хаа нэг тийшээ жигүүрээ дэлгээд хэдийнэ нисчихсэн байдаг. Тийм нүдний анхаарлыг татна гэдэг амаргүй. Өөрөө далавчтай болоод дагаж ниссэн ч олдохгүй. Гэхдээ тийм жигүүртэй нүднүүд надад хүйтэн эвгүй санагддаггүй. Харин би тэднийг өөр дээрээ буухыг үзье гэвэл төрөл арилжих хэрэгтэй гэдгээ ойлгосон. Энэ мэт миний нүдний цуглуулга тун ч баялаг. Азаар би тэр цуглуулгыг өөрийн нүдэнд лав гэгч хадгалж чадсан тул надаас өөр хэн ч олж үзэхгүй. Тэнд хайр хүрэм энхрий, хараад л суумаар сайхан нүднүүд ч бий. Гэхдээ нүд бүхэн миний цуглуулгад шингэсэн тэр агшинаа л хадгалж үлдсэн байдаг юм. Энэ бодлыг маань тасалдуулан гар утас жирс жирсхийн дуугарлаа. Үзвэл сэтгүүлч бүсгүйгээс мессеж ирсэн байв. “Ta minii nudeer yah gej baisan be? Bi aigaad baina. Tanii harts nudend haragdaad…”

-Дахиад л нэг тэнэг асуулт явуулчихаж. Ёстой хоосон сав юм  даа.

2007.02.09

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2008-03-25 -

Бичсэн: хүү

асар таалагдав... нэг тийм цуглуулгатай болох юмсан... big grin

. Шууд холбоос

2008-03-26 - Hi?

Бичсэн: molor (зочин)

xexexe. xuu mini dee. chamaas oor maniig sonirhoh amitan ch hovor boljee. idevhtei unshdagt chini bayarlaj yavdag shu. ug ni hunuust hurguul zugeer l yum, tiimee? :-b

. Шууд холбоос

2008-03-26 -

Бичсэн: 300

хэхэ... Уншиж дуусгаад эргэн тойрныхоо нүднүүдийг ээлжлэн ээлжлэн харлаа... хараад байвал ч...


гоё юмаа... сонин содон цуглуулагатай хүмүүс. Манай нэг найз хүмүүсийн инээдийг мартдаггүй юм. Бодуул бас тэр инээд цуглуулдаг байсан байхаа.

. Шууд холбоос

2008-03-26 -

Бичсэн: ganga (зочин)

yamar goyo bichee ve. sonin unshij baihad hooson tolgoito 'nudtei' hainga survaljlagch olshirson shig.

. Шууд холбоос

2008-03-29 - hi dear

Бичсэн: life (зочин)

hi dear.

nud-eer neg l oor zuiliig oguuleed baih shig... hooson nudtei, teneg asuult taviad baigaa hun ni hooson tolgoituudiig sanagduulchlaa. olon hunii nud neeree sanaand orj irjiina shoo.

. Шууд холбоос

2008-04-03 -

Бичсэн: bayasum

доторхи бөөрөнхий адилхан байдаг мэт.. Зовхи л нүдийг илүүтэй илэрхийлээд байх шиг..

. Шууд холбоос

2008-04-06 - Өдрийн мэнд

Бичсэн: Арима

Үнэхээр сайхан өгүүллэг байна. Өөрийнхөө ч, өрөөлийн ч нүд рүү өнгийж үзмээр санагдчихлаа yho:)

. Шууд холбоос

2008-07-14 - hi

Бичсэн: Зочин

дажгуй болжээ хоосон толгойтой сэтгүүлч олширсон шүү.бас тэд өөртөө бат итгэлтэй байдаг н харамсалтай

. Шууд холбоос

2008-07-14 -

Бичсэн: Egel_setgel

Таалагдлаа!!! Нүдэээ нуугаад эхлүүл хүн худлаа ярьж байдаг шд. Нүд хэзээ ч худлаа хэлдэггүй.

. Шууд холбоос

2008-09-23 -

Бичсэн: Зочин (зочин)

Санаа нь дажгүй л юм. Гэхдээ бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй юм шиг ээ. Нүд гэдэг маш гайхамшигтай. Түүний өчүүхэн хэсгийг нь л гаргасан байна даа. Нээрээ л нүдээ аниад төсөөлөхөд маш олон нүд харагддаг үе бий шүү. Түүнийг илэрхийлэх мэдрэмж алга байна. Нэг нүдний харцыг уншигчдад харагдахаар бичиж өгүүллэгтээ шигтэгсэн бол сэтгэлд хүрч бас өвөрмөц цуглуулгаа бүрэн дүүрэн илэрхийлж болох байлаа. Яахав дээ л болсон байна. rolling eyes

. Шууд холбоос




Энэ блогоос:
http://.blogmn.net